Saturday, September 6, 2014

Чанарын менежер гэж хэн бэ?

Чанарын удирдлагын тогтолцоотой байгууллагуудад "чанарын менежер" байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, ISO 9001-ийн гэрчилгээ авсны дараа танай байгууллагын үйл ажиллагааны чанарыг хянаж, үл тохирол гарвал тэрийг бүртгэн холбогдох ажилтнуудаар нь "арилгуулж", цаашид дахин үл тохирол гаргахгүйн тулд анхаарч ажилладаг хүн хэрэгтэй.
Ихэнх байгууллагууд чанарын менежерийн ажлыг хүний нөөцийн менежер эсвэл чанар, бүтээмжийн чиглэлээр ажиллаж байсан чанарын мэргэжилтэн зэрэг хүмүүсээр хийлгэж байна. Ийм мэргэжлийн хүмүүс сайн ажиллаж чадаж байгаа бол сайн л хэрэг.

Миний бодлоор дээрх хүмүүс төдийлөн сайн хариуцаж чадахгүй л болов уу. Танай байгууллагын чанарт хүний нөөцийн менежер эсвэл зүгээр л чанарын чиглэлийн мэргэжилтэн хяналт тавьж байгаа бол та "үйл ажиллагаа" ба "чанар" гэж тусад нь авч үзэж байна, чанарын асуудлаа үндсэн үйл ажиллагаанаас салгаж ойлгоод байна шүү дээ. Чанарын удирдлагын тогтолцоонд гол үүрэг гүйцэтгэх ёстой хүн яагаад хүний нөөцийн менежер байдаг билээ?

Харин доорх чадвартай хүн чанарын менежер байх нь илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Үүнд:
  • Байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааг хамгийн сайн мэддэг
  • Чанартай үйл ажиллагааны талаар буюу байгууллагын чанарын талаар мэдлэгтэй. Чанарын удирдлагын тогтолцоог хэвийн явуулахад чиглэсэн ажлуудыг хийх сонирхолтой.
  • Ажиллагсдын дунд нэр хүндтэй, түүний хэлсэн үгийг бүгд сонсдог. Товчхондоо манлайлагч хүн. (Бүх шатны ажилтантай харьцах шаардлага гардаг тул)
  • Байгууллагынхаа үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоонд дүн шинжилгээ хийж чаддаг. (Хагас жил тутамд эсвэл жилийн эцсийн ажлаа дүгнэн удирдлагууд томоохон хурал буюу стандартын хэллэгээр бол удирдлагын дүн шинжилгээ хийдэг билээ. Энд чанарын менежер голлон оролцоно)
Эндээс үзэхэд Үйл ажиллагаа хариуцсан захирал энэ ажлыг хариуцах нь зөв байгаа биз дээ?
Мөн үйл ажиллагааны онцлогоос хамаарч чанарын менежерийн оронд чанарын баг, чанарын алба ажиллаж болдог.