Thursday, April 28, 2016

Бүтэц зохион байгуулалтаа зураглахын ач холбогдол

Зарим компани бүтэц зохион байгуулалтаа зураглахын ач холбогдлыг тэр бүр мэдэхгүй байх шиг байна. Бүтэц зохион байгуулалтыг ямар нэгэн байдлаар гаргасан байдаг ч бүрэн утгаар нь ашигладаггүй. Ялангуяа гэр бүлийн шинж чанартай бизнес байгуулагдаад олон жил амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа ч бүтэц зохион байгуулалтыг ил гаргаагүй тул эрх мэдэл 1 юмуу цөөн хэдэн хүнд төвлөрч шийдвэр гаргах процесс удаашрах, дунд шатны менежерүүд өөрт байх ёстой эрх мэдлийн хүрээнд ажиллах боломжгүй болох зэрэг хүндрэл гардаг. Бүтэц зохион байгуулалтыг зураглах нь бэлгэдэл төдий биш гэдгийг ойлгох хэрэгтэй. 



Компаний хэмжээнд хэн ямар эрх мэдэл, хариуцлагатай байхыг бүтэц зохион байгуулалтын зураг харуулдаг. Ажилтнуудад харьяалах шууд удирдлага хэн болох, хэнд ажлаа тайлагнах, хэн ажлыг нь үнэлэх зэрэг нь эндээс ойлгомжтой болно. Мөн танай байгууллагын талаар мэдээлэл авахыг хүссэн хэнд ч ойлгомжтой байхаар зураглах нь зүйтэй.
Чухал асуудлыг шийдвэрлэхдээ харьяа дээд шатны удирдлагатайгаа шуурхай харилцах боломжтой болгоно. Удирдлагын бодож боловсруулсан бүтэц зохион байгуулалт, эрх мэдэл, үүрэг хариуцлагын хуваарилалт нь бодит амьдрал дээр таарч байх ёстой буюу компанийн үйл ажиллагаа үүний дагуу явагдаж байх ёстой. Ядаж тэрийг мэдэхийн тулд бүтцээ зураад одоогийн бодит байдалтай таарч байгаа эсэхийг шалгаад үзээрэй.
Компани томрох, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн бол зайлшгүй энэ зургаа одоогийн нөхцөл байдалд тохируулан шинэчлэн ажилтнууддаа танилцуулах шаардлагатай.