Thursday, January 16, 2014

Үл тохирол гэж юу вэ?

Үл тохирол буюу nonconformity нь тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байгааг илэрхийлнэ. Журам зөрчсөн бүх л зүйлсийг үл тохирол гэж ойлгож болно. Үл тохирлыг эрсдэлээс нь хамааруулан ангилж, аливаа үл тохирол гарвал ямар арга хэмжээ авах, яаж дахин гаргуулахгүйн төлөө юу хийх зэргийг шийдсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь үл тохирол гаргахгүйн төлөө хүн бүр хичээх ёстой. Жишээ авч үзье.

1. Цэвэр ус үйлдвэрлэдэг компаний жишээ
Хэрэглэгч нэгэн супермаркетаас цэвэр ус авч уухад дотроос нь хатуу биет гарч ирлээ гэж саная. Тухайн хэрэглэгч гомдол мэдүүлэхгүй юмаа гэхэд ойр дотныхон, хамт олондоо тус компаний цэвэр усыг худалдан авахгүй байхыг анхааруулна. Энэ бол үйлдвэрлэгч компани мэдэхгүй өнгөрсөн байсан ч эрсдэлийнх нь хувьд авч үзвэл "их" үл тохирол юм. Үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүн үйлдвэрлэл, савлагааны явцад тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй.

2. Импортын барааны худалдаа эрхэлдэг компаний жишээ
Гаальд ирсэн бараа материалын бүрэн бүтэн байдлыг шалгаж, цааш нь явуулсан хэдий ч хэрэглэгч рүү очсоны дараа тухайн бараа гэмтсэн байж гэж саная. Энэ бол "их" үл тохирол гэж үзье. Энэ тохиолдолд юу хийх вэ? Барааг гаальд ирэнгүүт фото зураг авч баримтжуулах, шаардлагатай тохиолдолд зургийг хэрэглэгч рүү явуулдаг байх хэрэгтэй.

Ер нь үл тохирол гарвал байгууллагын удирдлага, шууд хэн нэгэнд хариуцлага тооцох гэж яарахын оронд яагаад ийм үл тохирол гарах болов, цаашид дахин гаргуулахгүйн тулд ямар арга хэмжээ авах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Зөвхөн чанарын менежер ч юмуу чанарын мэргэжилтэнд даатгаад орхиж болохгүй. Үл тохирлууд удаа дараа гарсаар байвал удирдлагын зүгээс оролцож, анхаарлаа хандуулах шаардлагатай гэсэн үг.

Thursday, January 9, 2014

Нөөц гэдэгт юу орох вэ?

Чанарын удирдлагын стандарт нэвтрүүлэхэд "тасралтгүй байдал" гэдэг ойлголт маш чухал. Байгууллагын үйл ажиллагаа ямар ч нөхцөлд тасралтгүй явагдах ёстой. Үүний тулд "нөөц" бэлэн байх шаардлагатай. Нөөц гэж байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явагдахад шаардлагатай бүх зүйлсийг хэлэх бөгөөд үүнд дараах зүйлсийг хамааруулна. Үүнд:
1. Хүний нөөц (байгууллагад ажиллаж буй хүмүүс)
2. Ажлын байр буюу ажиллах орчин
3. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
4. Тээврийн хэрэгсэл
5. Тавилга эд хогшил
6. Мэдээлэл технологийн төхөөрөмж (компьютер, принтер гэх мэт)
7. Хангамжийн материал (хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл, бичиг хэргийн материал, хүнс, цэвэрлэгээний материал зэрэг энд хамаарах зүйлс)
8. Бараа материал
9. Санхүүгийн нөөц
10. Бусад нөөц орно.

Мэдээж байгууллагын онцлогоос хамаарч нөөцөд юуг хамааруулах нь харилцан адилгүй. Хамгийн гол нь аль нэг нөөцийн хомсдолоос болж, үйл ажиллагаа тасалдаж болохгүй. Нөөц бэлэн байхгүй бол бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдэд хугацаандаа хүрч чадахгүй байх, чанаргүй үр дүн үзүүлэх шалтгаан болно.
Нөөцтэй холбоотой асуудлыг журам гаргах байдлаар шийдэх нь олон зүйлийг тодорхой болгож өгдөг. Ядаж "Нөөц худалдан авалтын журам" гэж гаргасан ч болно.