Saturday, November 22, 2014

ISO 9001 стандартын гэрчилгээ авсан байгууллагуудын тухай

           ISO 9001 стандарттай холбоотой тоо баримт өгүүлье. Өнөөдрийн байдлаар 72 байгууллага энэ стандартыг нэвтрүүлэн Стандартчилал, хэмжил зүйн газраас гэрчилгээ авчээ.
Эдгээр байгууллагын тоог жил бүрээр харуулъя.



Үйл ажиллагааны чиглэлээр нь ангилъя.


Эдийн засгийн салбараар нь ангилъя.




Ихэнх нь бизнесийн байгууллагууд байгаа хэдий ч цаашид төрийн байгууллагуудад энэ стандартыг нэвтрүүлэх зорилт тавигдаад байгаа юм байна.



Эх сурвалж: www.masm.gov.mn

Saturday, October 18, 2014

Үл тохирлыг залруулах, үл тохирол гарахаас урьдчилан сэргийлэх тухай

Уншигчдаас маань үл тохирлыг хэрхэн залруулах вэ, гарсан үл тохирол дахиад л гараад байна, залруулах, сэргийлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна зэрэг хүсэлтүүд ирсээр байгаа тул эдгээрт хариулт болгохоор доорх бичлэгийг орууллаа. Та бүхэнд бага ч гэсэн хэрэг болно гэж найдаж байна.

Залруулах, сэргийлэх арга хэмжээний хувьд дараах хэдэн чухал зүйлс байдаг. Үүнд:

1.     Чанарын удирдлагын тогтолцоотой байгууллагад үл тохиролтой холбоотой журам заавал байх ёстой.  Үл тохирлын бүртгэл, хяналтын журам ч гэх юмуу, үл тохиролтой холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар заасан журам байна. Энэ журамд юу гэж заасан байна, тэрүүгээр л явна. Үйл ажиллаагааны явцад гарсан болон дотоод аудит хийгдсэний дараа илэрсэн үл тохирлуудыг байгууллагын чанар хариуцсан хүн бүртгэдэг.

2.      Тэдгээр үл тохирол дээрээ дүн шинжилгээ хийнэ. Ач холбогдлоор нь ангилна.  Үл тохирол гарах болсон шалтгааныг судална. Чанарын хүн яаж залруулахаа шийдэх бөгөөд үл тохирол гаргасан ажилтан нь залруулах арга хэмжээнд голчлон оролцоно. Нэлээд  “ том хэмжээний  үл тохирол гарсан бол удирдлагын багаараа хэлэлцэж, үүнийг яаж арилгах/ залруулах талаар арга хэмжээ авна.  Эхний ээлжинд гарсан хохирол, үр дагаврыг аль болох хурдан шийдэх нь чухал. Хэрэглэгчид хохирол учирсан бол хурдан тэрийг нь шийдэж өг гэсэн үг.

3.      Яаж залруулах талаар цаасан дээр буусан байх ёстой. Жишээ нь, залруулах арга хэмжээний төлөвлөгөө гаргадаг ч юмуу. Сэргийлэх арга хэмжээний хувьд ч мөн адил хийх зүйлээ цаасан дээр буулгасан нь дээр.

4.      Нэгэнт үл тохирлоо залруулсны дараа тухайн үл тохирлыг гаргасан ажилтанд энэ талаар сургалт явуулах хэрэгтэй. Сургалт гэдэг нь холбогдох журмын танилцуулга, хийдэг ажилтай нь холбоотой сургалтууд гэх мэт орж болно. Тухайн ажилтнаас гадна шууд удирдлага нь, заримдаа байгууллагын дээд удирдлагууд бас сургалтанд хамрагдах хэрэгтэй. Яагаад гэвэл тэд хангалттай хяналт тавиагүй учраас ийм байдалд хүрсэн шүү дээ. Тэгэхээр дан ганц үл тохирол гаргасан ажилтанд л хамаатай гэсэн үг биш.


5.      Дээрх ажлуудын явцад шалтгааныг нь сайн судалсан байх бөгөөд цаашид тийм үл тохирол дахин гаргахгүйн тулд юу хийх талаар төлөвлөгөө гаргаж ажиллана. Тодорхой давтамжтайгаар эсвэл гэнэтийн шалгалт хийж байх нь зүйтэй.  Чанарын хүн нь ажилтнуудын ажлыг шалган Checklist  бөглөдөг ч юмуу.  Өөрсдийн үйл ажиллагаанд тохирсон сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол  үл тохирол хэзээ нэгэн цагт давтагдана.



Saturday, September 6, 2014

Чанарын менежер гэж хэн бэ?

Чанарын удирдлагын тогтолцоотой байгууллагуудад "чанарын менежер" байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, ISO 9001-ийн гэрчилгээ авсны дараа танай байгууллагын үйл ажиллагааны чанарыг хянаж, үл тохирол гарвал тэрийг бүртгэн холбогдох ажилтнуудаар нь "арилгуулж", цаашид дахин үл тохирол гаргахгүйн тулд анхаарч ажилладаг хүн хэрэгтэй.
Ихэнх байгууллагууд чанарын менежерийн ажлыг хүний нөөцийн менежер эсвэл чанар, бүтээмжийн чиглэлээр ажиллаж байсан чанарын мэргэжилтэн зэрэг хүмүүсээр хийлгэж байна. Ийм мэргэжлийн хүмүүс сайн ажиллаж чадаж байгаа бол сайн л хэрэг.

Миний бодлоор дээрх хүмүүс төдийлөн сайн хариуцаж чадахгүй л болов уу. Танай байгууллагын чанарт хүний нөөцийн менежер эсвэл зүгээр л чанарын чиглэлийн мэргэжилтэн хяналт тавьж байгаа бол та "үйл ажиллагаа" ба "чанар" гэж тусад нь авч үзэж байна, чанарын асуудлаа үндсэн үйл ажиллагаанаас салгаж ойлгоод байна шүү дээ. Чанарын удирдлагын тогтолцоонд гол үүрэг гүйцэтгэх ёстой хүн яагаад хүний нөөцийн менежер байдаг билээ?

Харин доорх чадвартай хүн чанарын менежер байх нь илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Үүнд:
  • Байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааг хамгийн сайн мэддэг
  • Чанартай үйл ажиллагааны талаар буюу байгууллагын чанарын талаар мэдлэгтэй. Чанарын удирдлагын тогтолцоог хэвийн явуулахад чиглэсэн ажлуудыг хийх сонирхолтой.
  • Ажиллагсдын дунд нэр хүндтэй, түүний хэлсэн үгийг бүгд сонсдог. Товчхондоо манлайлагч хүн. (Бүх шатны ажилтантай харьцах шаардлага гардаг тул)
  • Байгууллагынхаа үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоонд дүн шинжилгээ хийж чаддаг. (Хагас жил тутамд эсвэл жилийн эцсийн ажлаа дүгнэн удирдлагууд томоохон хурал буюу стандартын хэллэгээр бол удирдлагын дүн шинжилгээ хийдэг билээ. Энд чанарын менежер голлон оролцоно)
Эндээс үзэхэд Үйл ажиллагаа хариуцсан захирал энэ ажлыг хариуцах нь зөв байгаа биз дээ?
Мөн үйл ажиллагааны онцлогоос хамаарч чанарын менежерийн оронд чанарын баг, чанарын алба ажиллаж болдог.

Saturday, August 16, 2014

ISO 9001 үр дүнгээ өгөхгүй байна уу?

            Манай улсад одоогоор 60-аад байгууллага ISO 9001 стандартыг нэвтрүүлэн гэрчилгээ авчээ. Дийлэнх нь бизнесийн байгууллагууд аж. http://www.polit.mn/content/mail/41067.htm
Цаашид ч энэ тоо нэмэгдэх нь гарцаагүй. Гэтэл эдгээрийн дунд ISO 9001-ийг нэвтрүүлсний хэрэг гарахгүй, зөвхөн сертификаттай л болсон байгууллагууд ч байна. Тийм байдалд орсон бол анхнаасаа л "ISO 9001-ийн нэвтрүүлсэн" гэсэн нэр олж авах зорилготой байсан гэж бодож байна. 
            Ямар ч ажлыг шинээр хийхэд удирдлагын манлайлал хамгийн чухал байдагтай адил энэ стандартыг нэвтрүүлэх, жинхэнэ ёсоор нь чанарын удирдлагын тогтолцоотой болъё л гэвэл эхлээд компаний гүйцэтгэх захирал үүнийг хүсч, нэвтрүүлэхэд бэлэн байх ёстой. Улмаар нэвтрүүлэх явцад гүйцэтгэх захирал идэвхтэй оролцож, ажиллагсдаа татан оролцуулах хэрэгтэй. 
Ер нь ISO 9001-ийг нэвтрүүлсэн компаний удирдлага чанартай үйлдвэрлэл, үйлчилгээ гэж юу болохыг, ажиллагсад нь ажлаа хэрхэн сайжруулах талаар мэддэг болсон байх ёстой. 
Өөрөөр хэлбэл, хүн бүрт ахиц гарсан байх ёстой. Тэгж чадаагүй бол удирдлагын манлайлал хангалтгүй байна гэсэн үг. Манлайллаа сайжруулаарай.

Бэлтгэн нийлүүлэгчийн "чанар" чухал уу?

Сүүлийн үед том компаниуд бэлтгэн нийлүүлэгчдээ чанарын удирдлагын тогтолцоотой байхыг шаарддаг болсон билээ. Тухайлбал, Оюу толгой ХХК (ОТ) нь ханган нийлүүлэгчдээ жил бүр үнэлдэг бөгөөд тэнцсэн компаниуд ОТ-с илүү их гэрээ, захиалга авах боломж нээгддэг байна. Энэ үнэлгээнд чанарын удирдлагын тогтолцоотой холбоотой хэсгүүд заавал ордог. Нэг ханган нийлүүлэгч компани ЧУТ-тай бол тэд ч өөрсдийн нийлүүлэгчдээ ЧУТ-тай байхыг шаардана. Яваандаа түгэх болно.


Бэлтгэн нийлүүлэгчийн үйл ажиллагаа чанартай бол биднийх мөн чанартай байна гэсэн үг.
ЧУТ-тай нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг заавал шинжлээд шалгаад байх ч шаардлагагүй.

"Чанар"-ын зардал

Чанартай холбоотой хэдэн төрлийн зардал гардаг. Ерөнхийд нь 3 ангилан тайлбарлая.


1. Урьдчилан сэргийлэх зардал
Чанаргүй үр дүн гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргаж буй зардал хамгийн чухал.
Чанараа сайжруулъя гэвэл чанарын төлөвлөгөө гарган, тодорхой хэмжээний мөнгө төсөвлөх хэрэгтэй. Компани жил бүр стратегийн төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Энэ төлөвлөгөөндөө чанарын төлөвлөгөөг оруулан цогц байдлаар авч үзэх нь зүйтэй. Тэгэхээр ийнхүү төсөвлөсөн урьдчилан сэргийлэх зардалд дараах зардлуудыг оруулж болно. Үүнд:
  • Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа авахад шаардлагатай асуулга, мэдээлэл олж авах зардал
  • Ажиллагсдыг чанарын болон бусад сургалтанд хамруулах зардал
  • Чанартай үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэхийн тулд гарах бусад зардал зэрэг орно.
2. Чанарын төсөл хэрэгжүүлэх, аудит хийх зардал
Компани үйл ажиллагаа чанартай явуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахтай холбоотой төсөл хэрэгжүүлэх болсон бол чанарын зөвлөхийн цалин хөлс, чанарын сургалт, аудит хийлгэх зардал, холбогдох бусад зардлуудыг энд хамааруулж болно.

3. Засч, залруулах зардал
Үйлдвэрээс гологдол бүтээгдэхүүн гарсан бол үүнийг засахад их зардал шаардагддаг. Гологдол нь хэрэглэгчид очсон бол түүнээс ч илүү хохиролтой. Засч, залруулах зардалд дараах зардлуудыг ойлгож болно.
  • Гологдол бүтээгдэхүүнийг засахтай холбоотой гарах материал, цалин болон бусад зардлууд 
  • Бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татах зардал
Тэгэхээр дээрхээс хамгийн чухал нь эхний 2 төрлийн зардал буюу урьдчилан сэргийлэх, чанарын төсөл хэрэгжүүлэх болон аудит хийх зардлууд юм. Энэ зардлууд нь үр өгөөжөө өгсөн бол буюу чанараа сайжруулахын төлөө хийсэн ажлууд үр дүнтэй байгаа л бол засч, залруулах зардал маш бага байх, цаашлаад энэ төрлийн зардлыг гаргахгүй байх үндэс болно. Өөрөөр хэлбэл, ирээдүйд үл тохирлоос үүдэн гарах зардлыг хэмнэнэ.

Saturday, June 14, 2014

Яагаад бүх ажилтнуудын оролцоо чухал вэ?

Байгууллага ISO 9001 стандарт нэвтрүүлэхээр нэгэнт шийдсэн бол удирдлагаасаа эхлээд бүх ажилтнууд энэ стандарт нэвтрүүлэхэд оролцоно. Өмнө дурдсанчлан ISO 9001 бол бүтээгдэхүүнийх биш "үйл ажиллагааны стандарт" учраас аливаа процесс, үйл ажиллагаанд хамааралтай бүх ажилтнууд зайлшгүй оролцох ёстой. 1 ажилтан л нэвтрүүлэх явцад оролцоогүй бол тэр ажилтантай холбоотой үл тохирол гарсаар байдаг.

Байгууллагын удирдлага энэ стандартыг нэвтрүүлэх төслийн багт найдаад байлгүй өөрөө оролцох хэрэгтэй. Бүх үе шатанд биш юмаа гэхэд өөртэйгээ холбоотой ажлуудад, төслийн ихэнх хэсэгт оролц.

Бүх ажилтан оролцсоноор чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжсэн байгууллага ямар байдгийг мэдэрнэ. Өөрөөр хэлбэл, бүх зүйлийг тодорхой болгож өгдөг учраас ажилтан бүр үр шим хүртэнэ гэсэн үг.

Чанарын удирдлагын тогтолцоо гэж юу вэ?

Чанар гэж юу вэ?

Стандартын хэллэгээр бол хувийн багц үзүүлэлт нь шаардлагыг биелүүлэх хэр хэмжээ. Чанар нь найдвартай байдлыг илэрхийлэх бөгөөд хэрэглэгчийн хэрэгцээнд хүрэх буюу давуулан биелүүлнэ гэсэн үг.

Чанарын удирдлагын тогтолцоо (ЧУТ) нь байгууллагыг чанартай холбогдуулан чиглүүлэх, хянах удирдлагын тогтолцоо юм.

Чанарт юу нөлөөлөх вэ?
  •  Нөөц (Ур чадвартай ажилтнууд, түүхий эд материал, ажлын байр, тоног төхөөрөмж , мэдээлэл г.м)
  • Технологи

      Эдгээрийг багтаасан оновчтой удирдлага нөлөөлнө.

Чанарын удирдлагын тогтолцоог байнга сайжруулж байх шаардлагатай.

Чанарын удирдлагын тогтолцоо нь дараах 4 үе шаттай бөгөөд тасралтгүй явагддаг.


PLAN- ТӨЛӨВЛӨХ
Юуг, яаж хийхээ төлөвлөнө. Энэ нь хууль дүрмийн болон хэрэглэгчийн шаардлагад нийцэхүйц үйл явц, зорилтуудыг бий болгохыг хэлнэ. /ЧУТ-ын төслйин хүрээнд гаргах чанарын гарын авлага, журам, заавар гэх мэт бичиг баримтууд нь 1 төрлийн төлөвлөгөө гэсэн үг./




DO- ХЭРЭГЖҮҮЛЭХ
Төлөвлөснөө хийнэ. Үйл явцуудыг хэрэгжүүлэхийг хэлнэ. /Дээрх боловсруулсан бичиг баримтынхаа дагуу үйл ажиллагаа явуулна гэсэн үг./

CHECK- ХЯНАХ, ХЭМЖИХ
Төлөвлөсний дагуу явсан эсэхийг  хянана. Үр дүнг хэмжих, задлан шинжлэхийг хэлнэ. /Дотоод аудит/

ACT- САЙЖРУУЛАХ
Үйл явцын гүйцэтгэлийг байнга сайжруулна.

Энэ процесс тасралтгүй явагдаж чадаж байгаа бол танайд чанарын удирдлагын тогтолцоо бий болсон гэсэн үг.



Thursday, January 16, 2014

Үл тохирол гэж юу вэ?

Үл тохирол буюу nonconformity нь тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байгааг илэрхийлнэ. Журам зөрчсөн бүх л зүйлсийг үл тохирол гэж ойлгож болно. Үл тохирлыг эрсдэлээс нь хамааруулан ангилж, аливаа үл тохирол гарвал ямар арга хэмжээ авах, яаж дахин гаргуулахгүйн төлөө юу хийх зэргийг шийдсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь үл тохирол гаргахгүйн төлөө хүн бүр хичээх ёстой. Жишээ авч үзье.

1. Цэвэр ус үйлдвэрлэдэг компаний жишээ
Хэрэглэгч нэгэн супермаркетаас цэвэр ус авч уухад дотроос нь хатуу биет гарч ирлээ гэж саная. Тухайн хэрэглэгч гомдол мэдүүлэхгүй юмаа гэхэд ойр дотныхон, хамт олондоо тус компаний цэвэр усыг худалдан авахгүй байхыг анхааруулна. Энэ бол үйлдвэрлэгч компани мэдэхгүй өнгөрсөн байсан ч эрсдэлийнх нь хувьд авч үзвэл "их" үл тохирол юм. Үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүн үйлдвэрлэл, савлагааны явцад тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй.

2. Импортын барааны худалдаа эрхэлдэг компаний жишээ
Гаальд ирсэн бараа материалын бүрэн бүтэн байдлыг шалгаж, цааш нь явуулсан хэдий ч хэрэглэгч рүү очсоны дараа тухайн бараа гэмтсэн байж гэж саная. Энэ бол "их" үл тохирол гэж үзье. Энэ тохиолдолд юу хийх вэ? Барааг гаальд ирэнгүүт фото зураг авч баримтжуулах, шаардлагатай тохиолдолд зургийг хэрэглэгч рүү явуулдаг байх хэрэгтэй.

Ер нь үл тохирол гарвал байгууллагын удирдлага, шууд хэн нэгэнд хариуцлага тооцох гэж яарахын оронд яагаад ийм үл тохирол гарах болов, цаашид дахин гаргуулахгүйн тулд ямар арга хэмжээ авах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Зөвхөн чанарын менежер ч юмуу чанарын мэргэжилтэнд даатгаад орхиж болохгүй. Үл тохирлууд удаа дараа гарсаар байвал удирдлагын зүгээс оролцож, анхаарлаа хандуулах шаардлагатай гэсэн үг.

Thursday, January 9, 2014

Нөөц гэдэгт юу орох вэ?

Чанарын удирдлагын стандарт нэвтрүүлэхэд "тасралтгүй байдал" гэдэг ойлголт маш чухал. Байгууллагын үйл ажиллагаа ямар ч нөхцөлд тасралтгүй явагдах ёстой. Үүний тулд "нөөц" бэлэн байх шаардлагатай. Нөөц гэж байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явагдахад шаардлагатай бүх зүйлсийг хэлэх бөгөөд үүнд дараах зүйлсийг хамааруулна. Үүнд:
1. Хүний нөөц (байгууллагад ажиллаж буй хүмүүс)
2. Ажлын байр буюу ажиллах орчин
3. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
4. Тээврийн хэрэгсэл
5. Тавилга эд хогшил
6. Мэдээлэл технологийн төхөөрөмж (компьютер, принтер гэх мэт)
7. Хангамжийн материал (хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл, бичиг хэргийн материал, хүнс, цэвэрлэгээний материал зэрэг энд хамаарах зүйлс)
8. Бараа материал
9. Санхүүгийн нөөц
10. Бусад нөөц орно.

Мэдээж байгууллагын онцлогоос хамаарч нөөцөд юуг хамааруулах нь харилцан адилгүй. Хамгийн гол нь аль нэг нөөцийн хомсдолоос болж, үйл ажиллагаа тасалдаж болохгүй. Нөөц бэлэн байхгүй бол бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдэд хугацаандаа хүрч чадахгүй байх, чанаргүй үр дүн үзүүлэх шалтгаан болно.
Нөөцтэй холбоотой асуудлыг журам гаргах байдлаар шийдэх нь олон зүйлийг тодорхой болгож өгдөг. Ядаж "Нөөц худалдан авалтын журам" гэж гаргасан ч болно.